Эр хүнд би хайртай

1. Аавдаа

Уулга алдахдаа бид “Ааваа” гэж дууддаг билүү

Уул шиг нөмөртэйг тань одоо л би ухаарч байна

Аавын гэрийн тулганд ассан гал нь илчтэй

Аавынхаа өвөрт эрхэлсэн өдрүүд хамгийн жаргалтай дурсамж байдаг

Шүүрс алдан санааширч суухдаа

Санчигандаа буурал нэмэн өтөлдөг байж

Ширүүн харж, зөөлөн дугарахдаа

Сэтгэлээ эмтлэн өмөрдөг байжээ та үрсийнхээ төлөө...

Будан татах уулсын дээгүүр шувууд буцлаа

Буурал суусан үсийг тань одоо л анзаарч сууна

Үг бүхэндээ ухаан шингээж

Үйл бүхнээрээ мөрийг минь зассан

Халхын сайхан эр

Хангайн түшигтэй аавдаа би хайртай...

2. Ханьдаа

Амьдралдаа атгасан хамгийн зөөлхөн гар чинийх минь байсан

Ахин дахин дурлах шинэхэн хайрууд ч чинийх байсан

Алжаал ядралын дунд нөмрийг чинь түшиж өндийсөн

Амраг хайртай чи минь хамгийн сайхан эр хүн

Эхийн хайрыг дандаа агуу гэж магтдаг ч

Эрийн хайрыг би түүнтэй адилтгаж чаднаа

Айл гэрийн сүрийг эрийн жавхаагаар чимж

Алаг хонгор үрсээ урмын үгээр тэтгэж

Асар тэнгэрийн дор өөрийхөө мөрийг үлдээх

Амраг жаахан хань эр хүн танд хайртай

3. Хүүдээ

Бойтогны чинь хонх одоо ч чихэнд хангинах

Борхон хөөрхөн хүү минь газар тамгалж хөлд орлоо

Зүрхнээс асгарах хайр, амьнаас ургасан цэцэг

Зүггүй хонгор хүү чамдаа би хайртай

Эрийн заяа түшиж

Ээжийн хүү том эр болноо

Энэ хорвоогийн хатууд бүдрэлгүй

Эгчийнхээ түшиг нь болноо, миний хүү

Газрын хавтгайд хорол тооноо өргөж

Гэр барин, амьдрал зохиож

Эцгийн асаасан гал голомтыг

Эгнэгт өөд татах хүү чамдаа хайртай /Миний цаг/

Tags:

0 comments:

Post a Comment